Боловсрол

. 2011-03-19 - Нийт сурагчдад

Ангилал: Зайн сургалт

Мэргэжилээ сонгосон уу Хүсээгүй, эсвэл нарийн судалгаа хийлгүйгээр сонгосон мэргэжил таны амьдралын он жилүүдийг үгүй хийх болно. Тиймээс өөрөөсөө эхлээд “Би аль ажлыг сайн хийж чадах вэ?” хэмээн асуух хэрэгтэй. Мэргэжил сонгох гэдэг хүний амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг билээ. Учир нь хүн ямархуу амьдралаар амьдрахаа энэхүү шийдвэрийг хэрхэн гаргаснаар давхар сонгох болно. Залуу насандаа хүн амьдралын шаардлагаар, нийгмийн сайн хүрээ, сайхан гэр бүл, (хамгийн чухал нь хувийн аз жаргал) хамгийн чухал байх мэргэжлийг сонгодог. Хийсэн судалгаанаас үзэхэд 65-70 насалсан хүн амьдралынхаа бараг 40 жилийг өөрийн сонгосон мэргэжилдээ зориулж, түүгээрээ амьдардаг байна. Хүсээгүй, эсвэл нарийн судалгаа хийлгүйгээр сонгосон мэргэжил таны амьдралын он жилүүдийг үгүй хийх болно. Өөрөөр хэлбэл мэргэжил сонгох гэдэг нь санамсаргүй зүйл байх ёсгүй. Харин зөв мэргэжил сонгохын тулд өөрийгөө болон мэргэжлүүдийг сайн мэдсэн судалсан байх шаардлагатай. Хүн мэргэжлээ сонгохдоо дараах асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Тухайн мэргэжлийн онцлог юу вэ?Энэ мэргэжлээр ажиллаж буй хүмүүс ажиллах хугацаандаа юу хийж гүйцэтгэдэг болон наанаа харагдаж байгаа бус цаанаа чухам ямар ажиллагаатай болохыг судлах. Ажиллах орчин ямар вэ? Тухайн мэргэжилд аюултай орчин гэж бий юу? Ажлын орчин хэр болохыг? Гадаа эсвэл байнга дотор ажилладаг уу? Энэ мэргэжлийг эзэмших сургалтын хугацаа хэр урт вэ? Сургуулиа төгсөөд өөр ямар нэг нэмэлт бэлтгэл хийх шаардлагатай эсэх. Уг мэргэжлээр ажиллахын тулд шаардагдах онцлогууд? Нас, хүйс, нуруу, жин болон гадаад байдалтай холбоотой онцлог гэж бий юу? Тухайн ажилд орох – тэтгэвэрт гарахтай холбоотойгоор? Уг мэргэжилд хэрхэн ордог вэ? Шалгагдаж, томилогдож, эсвэл хувийн оролдлогоор орох уу? Хэдэн настай хүн хийхэд тохиромжтой болох? Нийгмийн даатгалтай эсэх? Мэргэжлээрээ дэвших? Тухайн мэргэжлээр дэвжих нь юутай холбоотой вэ? Ажиллахтай юу, албан тушаалтай юу? Уг мэргэжлээс өөр ажил рүү орж болох уу? Тухайн мэргэжлийн эерэг болоод сөрөг талууд? Уг мэргэжлээр ажиллагсадын хамгийн их тулгардаг бэрхшээл болон эерэг тал нь юу вэ? Уг мэргэжлийг хүмүүс хэр хүндэлж үздэг болох. Ажил олох боломж? Таны сонгох гэж буй мэргэжлийн эрэлт хэрэгцээ хэр их байна? Таны амьдарч буй бүс болон улиралтай холбоотой тал бий юу? Ажил олдох нь амархан уу? Уг мэргэжлийн эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор нэмэгдэх эсвэл багасах талаар ямар нэг яриа байгаа эсэх? Төрийн болон хувийн байгууллагад ажиллах боломжоос гадна хувиараа ажиллах боломж хэр байгаа вэ? Тухайн мэргэжлийн орлого? Уг мэргэжлээр ажиллагсадын орлого хэр байгаа вэ? Орлого долоо хоногоор, сараар, улирлаар эсвэл жилээр гэж өөрчлөгддөг эсэх? Уг мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүсийн орон нутгийн онцлог шинж чанараас шалтгаалсан орлогын ялгаатай байдал бий юу? Харин одоо хамтдаа зарим мэргэжлүүдийн онцлог болон ирээдүйд ямар байх талаар харцгаая. Сэтгүүлч Олон улсын харилцааны тэнхимийг төгсөгчид болон ямар нэг сэдвээр мэргэжиж буй суралцагчид өөрийн мэргэжлийн туршлагыг ахиулахын тулд энэхүү мэргэжлийг сонгож болно. Ажиллах орчин нь телевиз радио болон сонин сэтгүүл, мэдээллийн агентлагууд байх болно. Хүмүүсийн мэдээлэл хүртэх хэрэгцээ нь ирээдүйд улам нэмэгдэх магадлалтай. Тиймээс бичгийн болон дүрст мэдээлэл, хэвлэл улам чухал болно. Өнөөгийн сэтгүүлчид янз бүрийн чиглэлийн дагуу улам чадваржиж байна. Ингэснээр сэтгүүлчдийн “бүх зүйлийг мэддэг” гэсэн тодорхойлолт түүх болон үлдэж эхэллээ. Бүх төрлийн зохион бүтээгч, үйлдвэрлэлийн мэргэжилтэн Их, дээд сургуулиудын электроникийн инженерийн ангиудад 3-р дамжаанаас нь эхлэн микро электроникийн хичээл зааж эхэлдэг. Бүх төрлийн зохион бүтээгч, инженерийн мэргэжлүүдийг эзэмших боломжтой. Манай улсад ШУ- хүрээлэн болон их дээд сургуулиудаас гадна ажиллах орчин хэдийгээр хязгаарлагдмал ч гэсэн дэлхий дахинд электроникийн чиглэлийн маш олон шинэ салбарууд нээгдэж байгаа бөгөөд манайхан ч гэсэн энэ салбарт хүчээ сорих боломжтой. Эрүүл мэнд, батлан хамгаалах болон байгаль хамгаалал Байгаль орчны бакалаврын зэрэг авсан бол үргэлжлүүлээд менежерийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалах хэрэгтэй. Бусад төрлийн инженерүүдээс ч гэсэн энэ салбарт шилжин орох бололцоотой. Энэ мэргэжлийн хүмүүс ажлын байранд ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэндээс гадна тухайн байгууллага нь байгаль орчинд хэр хор хөнөөлтэй ажиллаж байгааг бас давхар хянадаг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэмэгдэж, шинэ үйлдвэр, байгууламж ашиглалтанд орохын хэрээр энэ салбарын мэргэжилтэн улам эрэлт хэрэгцээ ихтэй байх болно. Үйлдвэрийн том жижгээс үл хамааран бүх компаниуд энэ салбарт зөвлөх мэргэжилтэн авч ажиллуулах болно. Үл хөдлөх хөрөнгийн зөвлөх Үл хөдлөх хөрөнгийн зөвлөх хэмээх мэргэжил дэлхийд энэ тэргүүний мэргэжлүүдийн нэг болсон ч манай оронд төдийлөн сайн мэдэхгүй байна. Ямар нэг хөрөнгө оруулалт хийх үед газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн эдийн засгийн үнэлгээг тодорхойлдог уг мэргэжил аливаа үйлдвэрийн газар болон компаний үнэлгээг ч хийх боломжтой байдаг. Барууны орнуудад банкны батлан даалттай холбоотойгоор дэлгэрэнгүй болж буй үл хөдлөх хөрөнгийн зөвлөхийн мэргэжил манай оронд ч хүчээ авах төлөвтэй байна. Хүнсний мэргэжилтэн Хүнсний мэргэжилтнүүд хоол хүнсний аюулгүй байдал, өдөрт хэрэглэх хүнсний нэр төрөл, эрүүл мэндийг сахин хамгаалах, тэнцвэртэй хооллолт зэрэг салбарт ажилладаг. Энэ төрлийн мэргэжил манай оронд ч гэсэн шинээр бий болж байгаа юм. Хөгжингүй орнуудад хэт таргалалт болон зохисгүй хоололт зэрэг нь нийгмийн асуудал болсон тул нэлээд түгээмэл мэргэжилд тооцогддог. Компьютерийн инженер Компьютерийн инженерүүд компьютерийн системийн бүтэц, түүний тогтолцоо, хэрхэн хөгжүүлэх, ашиглалт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Энэ салбарт амжилтад хүрэхийн тулд харьцангуй сэтгэх чадвартай, логик сэтгэлгээ, анхаарал болон тэвчээртэй байх шаардлагатай. Өнөө үед компьютерийн мэргэжлээр төгсөгчид ажил олдохгүйн зовлон байхгүй. Төрийн болон хувийн хэвшлийн аль ч салбарт мэдээлэл бэлтгэх, мэдээлэл боловсруулах мэргэжилтэн, системийн ажилтан болон компьютерийн программ хангамжтай холбоотойгоор сайн ажилтай байх боломжтой. Биохими Биохими нь биологийн биетүүдийн зохион байгуулалт, бүтэц тогтолцоог молекулийн төвшинд судалдаг шинжлэх ухааны салбар бөгөөд шинжлэх ухааны маш олон салбартай их ойрхон холбоотой байдаг. Амьд биетийн амьдралын онцлогтой холбоотой хими, биологи, физик зэрэг шинжлэх ухааны салбарууд, эрүүл мэндийн салбар, хоол хүнс болон орчны эрүүл ахуй зэрэг салбаруудад технологийн болон шинжлэх ухааны шаардлагатай судалгааг хийдэг, үр бүтээлтэй ажиллах сахилга бат бүхий, хувийн оролцоо өндөртэй хүний нөөцийг бүрдүүлэхийн тулд бакалаврын болон магистрийн төвшний мэргэжилтэн бэлтгэхэд уг салбарын онцлог, зорилго нь оршдог. Төгсөгчид нь хүнс, эм тариа, байгалийн болон эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт химийн мэргэжилтэн, хөдөө аж ахуйн эм, бэлдмэл, гоо сайхны болон саван, угаалгын нунтагны үйлдвэрүүдэд болон орчны судалгааны төв, хүрээлэн, лабораторуудад судлаач, шинжээчийн ажлыг хийж гүйцэтгэх боломжтой. Боловсролын харилцаа болон төлөвлөлт Энэ салбарын мэргэжилтнүүд нь боловсролын байгууллагуудад суралцагсдад мэдлэг чадвар, олгож, зан чанар төлөвшүүлж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд шаардлагтай суралцах орчин, бололцоог бүрдүүлэх боломжийг судлах, төлөвлөх зэрэг ажлуудыг хийнэ. Төгсөгчид ихэнхдээ боловсролын байгууллагуудын нийгмийн ажилтан юм уу, боловсролын мэргэжилтэн, багш, сурган хүмүүжүүлэгч болдог. Энэ мэргэжил, ирээдүйд ерөнхий боловсролд хувийн сургуулиуд нэмэгдэх тусам тохиолдолд маш чухалд тооцогдох болно. Тархины мэс засалч, онколог (хавдар судлаач) болон сэтгэл зүйчид Ирээдүйд эрүүл мэнд, анагаах ухааны мэргэжилтнүүд гялалзсаар байх болно. Түүний дундаас тархины мэс засалч ирээдүйн хамгийн чухал хүн байх болно. Үүний шалтгаан нь стресс, депресс болон ядаргаа уйтгар, гуниг тархинд нөлөөлөх нь их болно. Мөн хавдар судлаачид, аливаа өвчний шалтгааныг судалдаг генетикчид, амьдралын аливаа асуудалд нухлагдсан хүмүүст тусалдаг сэтгэл зүйчид, хамгийн их эрэлт хэрэгцээтэй хүмүүс байх болно. Ирээдүйн мэргэжлүүд Сүүлийн жилүүдэд хийж буй хөрөнгө оруулалттай холбоотойгоор мэргэжлийн төвшний олон ажил залуусыг хүлээж байна. Нэг үед эмч, багш, инженер хамгийн чухалд тооцогддог байсан бол сүүлийн жилүүдэд энэ чухлуудын хүрээ нэлээд тэлж байна. Чухалд тооцогдож байсан зарим мэргэжлүүд одоо ч байр сууриа алдаагүй байна. Харин шинэ төрлийн мэргэжлүүд бий болоход өндөр хөгжилтэй орнуудын үүрэг чухал билээ. Мэдээж АНУ нэн тэргүүнд байна. АНУ-ын 2000 оноос хийж буй хөрөнгө оруулалт инженерийн хэрэгцээ маш олон салбарт бий болохыг дохиолж байна. Харин энэхүү хөрөнгө оруулалтыг бүтээгдэхүүний боловсруулалт болон үйлдвэрлэл, тээвэрлэлт, мэдээллийн технологи, харилцаа болон биотехнологи гэсэн зургаан үндсэн бүлэгт хуваан үзэж болно. Ойрын ирээдүйд машин, механизм, компьютер, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, байгаль орчны болон химийн инженер зэрэг мэргэжлүүд чухалд тооцогдох болно. Мөн менежер, үнэлгээний мэргэжилтэн, компанит ажил, урамшууллын шинжээчид, чанарын инженер болон загвар судлаачид эрэлт ихтэй байх болно. Судалгаагаар технологийн хөгжил мэргэжлүүдэд нөлөөлж буй нь тогтоогджээ. Тухайлбал Англид шинээр бий болсон байгууллагуудын 73% нь технологи суурьтай байсан бөгөөд тэдний хайж буй мэргэжилтнүүдийн 58%-г нь технологийн мэдлэгтэй хүмүүс эзэлж байжээ. Ер нь ойрын ирээдүйд харилцаа холбоо, элекроник, компьютер болон холбооны техникчдийн эрэлт хэрэгцээ өндөр байх магадлалтай байна. Үнэлгээний мэргэжилтнүүд компаниудын “нүдний цөцгий” байх болно Үнэлгээний мэргэжилтнүүд шинэ бараа бүтээгдэхүүн зах зээлд гарахаас өмнө бодит үнэ, үнэлгээг тогтоох талаар маш их чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд худалдаа үргэлж чухал байдаг өнөө үед болон ирээдүйд тэд байнга эрэлт хэрэгцээтэй л байх болно. Биотехнологи Биологийн мэргэжил эзэмшсэний дараа молекул биологи болон генетикийн чиглэлээр магистр зэрэг хамгаалах хэрэгтэй. Эрчим хүчний салбар, их, дээд сургууль болон хүрээлэн, судалгааны төв, лабораторууд ажлын гол байр байх болно. Энэ төрлийн мэргэжилтэй хүн дэлхийд өдрөөс өдөрт үнэ цэнэтэй болно. Өөрийн бүтээсэн ямар нэг бараа, бүтээгдэхүүндээ патент авах нь тэдэнд маш их орлого авчрах болно.
:: Найздаа илгээх ::

Миний тухай

Сурган хүмүүжүүлэх

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. AzjargalL
Бичлэг: 12 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн